Дэлхийн хамгийн том мах боловсруулах үйлдвэр цахим халдлагад өртсөн байна. Тодруулбал, JBS компанийн АНУ дахь салбарын компьтерийн сүлжээнд хөндлөнгөөс нэвтэрч, хорлон сүйтгэх ажиллагаа явуулжээ. Үүний улмаас тус компанийн Австрали, Канад болон АНУ дахь үйл ажиллагаа доголджээ. Энэхүү цахим халдлагын ард Орост төвтэй хакерууд, гэмт хэргийн бүлэглэл байх магадлалтай талаар Цагаан ордноос мэдээллээ.
JBS-ийг онилсон кибер халдлагын улмаас АНУ-д махны хомсдол нүүрлэж, мах, махан бүтээгдэхүүний үнэ өсч болзошгүй нөхцөл байдал үүссэн байна. Хакерууд сүлжээнд нэвтэрсний дараа шаардсан мөнгөн төлбөрийг өгөхгүй тохиолдолд мэдээллүүдийг устгаж, гэмтэл учруулна гэж заналхийлж байжээ. Цагаан ордны зүгээс АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо хэргийг шалгаж байгааг дуулгалаа. JBS компани цахим халдлагыг зогсоох чиглэлээр дорвитой ажлуудыг хийж, ахиц гараад байгаа бөгөөд ихэнх үйлдвэрийнх нь үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн горимд шилжинэ гэж мэдээлжээ. Тус компани халдлагыг илрүүлсэн дариудаа дайралтад өртсөн IT системүүдийн үйл ажиллагааг зогсоосон байна.
Өмнөд Америк дахь тус компанийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юм. Өнгөрсөн сард АНУ газрын тосны компани болох Colonial Pipeline мөн л цахим халдлагад өртсөн. Тус компани хакерууд 4.4 сая ам.долларыг төлсөн нь хожим батлагдсан. Шинжээчид Оростой холбоотой бүлэглэл энэ халдлагыг үйлдсэн гэж дүгнэж байлаа. Мөн АНУ-ын Засгийн газар хакеруудад мөнгө төлөхгүй байхыг компаниудад уриалсаар байгаа. Цахим гэмт хэрэг үйлдэгчдэд мөнгө өгөх нь кибер халдлага нэмэгдэхэд нөлөө үзүүлэх сөрөг талтайг Цагаан ордон анхааруулж байгаа юм.
Мэдээнд сэтгэгдэл үлдээх