Цэцэрлэгт байхаасаа л уран зураг сонирхож, сонирхолоороо ирээдүйгээ тодорхойлж яваа Хэнтий аймгийн Хан Хэнтий цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Эрдэнэбаттай ярилцлаа.
Түүнийг хүмүүс айлын хашаан дээр зураг зуран, сургалтын төлбөрөө олохоор хичээж байгаа гэдгээр нь сайн таних биз ээ.
-Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Ганбаатарын Эрдэнэбат гэдэг. Би Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн. Ахлах ангиасаа Хэнтий аймгийн төвд Хан Хэнтий Цогцолбор сургуульд сураад энэ жил 12-р ангиа төгсөж байна.
-Энэ жил их сургуульд орох юм байна. Сургалтын төлбөрөө олохоор айлын хашаан дээр зураг зурж байгаа гэсэн, энэ талаар яривал?
-Хамгийн анх айлын хашаан дээр зураг зурахдаа сургалтын төлбөрөө олъё гэж бодож эхлүүлээгүй л дээ. Манай ээжтэй хамт ажилладаг эгч намайг багаасаа зураг зурдаг байсан гэдгийг мэддэг болохоор хашаан дээрээ зураг зуруулах санал тавьсан. Тэгээд хашаан дээр анх удаа зураг зурсан. Гэтэл Хэнтийд хашаан дээрээ зураг зуруулсан айл бараг байгаагүй л дээ. Тэгээд л намайг 12-р анги төгсөж байгаа гэдэг утгаар маань маш олон айл санал тавьж, олон захиалга авсан.
-Анх хэдэн настайгаасаа эхлэн зураг зурах болов?
-Цэцэрлэгт байхдаа л зураг зурах сонирхолтой байсан. Бага дүү маань төрөх гээд аав ээж хоёр Хэнтийн төв рүү явах үед нагац ахтайгаа сарын хугацаанд цуг байсан юм. Нагац ах маань зураг зурдаг дээр нь гарын дүй их сайтай хүн байсан болохоор нагац ахыгаа хараад зураг зурах сонирхол маань улам нэмэгдсэн.
Хүүхэд байхдаа наадаг зураг дэвтрийнхээ буланд наагаад л, наруто хүүхэлдэйн киноны баатруудыг дуурайгаад зурдаг байсан. 4 жилийн өмнө нагац ах минь өөд болсоноос хойш хөрөг зураг дурсгал болгон зурж эхэлсэн. Тухайн үед нагац ахынхаа хөрөг зургийг зураад одоо болтол өөртөө хадгалж явдаг юм. Хашаан дээр зураг зурахаас өмнө хөрөг зураг зураад ойр зуурын мөнгөө олчихдог байсан.
-Одоогоор хичнээн айлын хашаан дээр зураг зурсан байгаа вэ?
-Одоохондоо бол 2 айлын хашаан дээр зураг зурсан. Харин зураг зуруулах олон санал ирчихсэн байгаа, дараагийн зургаа эхлэх гээд байж байна.
-Хүмүүс хашаан дээрээ ямар зураг зуруулахыг илүү хүсч байх шиг байна?
-Хүмүүс ихэвчлэн хүүхдийн амар тайван байдал, хүүхдэд ээлтэй зургууд, мөн гэр бүлийн амар тайван байдлыг илэрхийлсэн зургуудыг зуруулах хүсэлтэй байна лээ. Үүнээс гадна монгол ахуй соёл, хэв маягийг илэрхийлсэн зургуудыг ч зуруулах сонирхолтой нь ажиглагдаж байгаа.
-Нууц биш бол нэг айлын хашааг хэдэг төгрөгөөр зурдаг вэ?
-Миний хувьд 1 метр квадратыг 25 мянган төгрөгөөр зурж байгаа. Тухайн айлын хашаанаас шалтгаалан үнийн хувьд өөр өөр гэсэн үг.
-Нэг айлын хашаан дээр зураг зурахад ойролцоогоор ямар хугацаа зарцуулж байна, Хамгийн ихдээ эсвэл хамгийн багадаа ч юм уу?
-Хамгийн ихдээ бол 4-5 хоног, багадаа бол 1-2 хоног. Харин зөвхөн хаалгаа будуулах бол өдөртөө дуусчихдаг.
-Энэ жил ЭЕШ өгнө шүү дээ. Зураг зурахын хажуугаар ЭЕШ-дээ бэлдэж чадаж байна уу?
-Санасныг бодвол бэлдэж чадаж байгаа шүү. ЭЕШ-ийн давтлага маань хэдхэн хоног завсарласан байгаа. Удахгүй давтлага эхлэхээр цагийн хуваарь гаргаад ажлаа хуваарилаад хийх төлөвлөгөөтэй байгаа.
-Ямар мэргэжилээр, ямар сургууль авна гэж бодож байна?
-СУИС-ийн уран зураг, эсвэл ШУТИС-ийн архитектурын ангийг сонирхож байгаа.
-Цар тахлаас үүдэн ЭЕШ-ийн товыг удаа дараа хойшлуулаад байгаа шүү дээ. Энэ нь төгсөх ангийн сурагчдад ямар санагдаж байна?
-Хугацаа хойшилж байгаа нь их боломж гэж харж байгаа. Коронавирусийн улмаас бараг хоёр жил хичээл сургууль завсардсан. Энэ хугацаанд хичээлүүд төлийлөн хангалттай хэмжээнд ороогүй. Тиймээс хойшилсон хугацааг ашиглаад судалж дуусаагүй хичээлээ судлах, ахин судлах шаардлагатай хичээлүүдээ сэргээж харах зэрэг боломжууд байгаа гэж бодогдож байгаа.
–Айлуудын хашаан дээр зураг зураад байвал сургалтын төлбөрөө бүрэн олох боломж байна уу?
–Надад бол боломжтой санагддаг болсон. Маш олон айл зураг зуруулах санал тавьсан байгаа. Мөн Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга хүртэл намайг дэмжиж ажлын байрныхаа гадна зураг зуруулахаар тохирсон байгаа.
-Хуримтлал үүсгэсэн үү?
-Одоогоор хуримтлал үүсгээгүй байна. Яваандаа хуримтлал үүсгэх төлөвлөгөөтэй байгаа.
-Зураг зурахад хамгийн түрүүнд юун дээр анхаарвал болох вэ, мөн хамгийн чухал зүйл юу бол?
-Мэдээж өөрийн хийж буй зүйлдээ дуртай, тууштай байж, сэтгэл гарган зурдаг байх хэрэгтэй. Түүнээс гадна ялангуяа хөрөг зураг зурж байгаа бол тухайн хүнийхээ нүдийг илүү зөв, адилхан зурж өгөх шаардлагатай юм шиг санагддаг. Тэгж байж зураг илүү амьд, сонирхолтой харагддаг.
-Цаашдынхаа зорилгоос хуваалцвал?
-Уг нь хамгийн ойрын зорилго маань өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргах зорилготой байсан юм. Гэтэл цар тахал, хөл хорионоос үүдээд чадсангүй. Одоо бол хүссэн сургуулиа аваад, захиалгын зургуудаа чанартай, сэтгэл ханамжтай зурж өгөч, сургалтын төлбөрөө олох нь хамгийн ойрын зорилго болоод байна.
-Ярилцлагаа энд хүрээд өндөрлье. Танд өөр хэлэх зүйл бий юу?
-Одоо үед хүмүүс орон сууц гэхээсээ илүү хашаа байшинд тав тухтай, эрх чөлөтэй, сайхан амьдрахыг илүүд үздэг болсон байна. Тиймээс ирээдүйд хоггүй, цэвэр, байгаль орчиндоо ээлтэй залуус илүү олон болоосой. Мөн байгаа орчиндоо сэтгэл хангалуун амьдардаг байгаасай, хашаанд амьдарсан ч өөрсдийн чадах хэрээр хашаагаа тохижуулан, айл бүхэн сайхан амьдраасай гэж хүсч байна.
Мэдээнд сэтгэгдэл үлдээх