Жил гаруйн өмнө дөө. Эрдэнэт хотод хувийн ажлаар очоод оройхон хот руу хөдөллөө. Оройн галт тэрэг, автобусанд суудал үлдсэнгүй. Суудлын тэргээр буцаж яваа нь энэ. Дархан-Улаанбаатарын зам гэж ёстой л там болсон ид үе л дээ. Хуулахыг хуулаад, сэглэчихсэн учраас Эрдэнэтийнхэн тэр замаар явахад тун бэрх.
Эрдэнэтээс хөдлөхөд 16:00 цаг болж байлаа. Хоёр цаг гаруй явсны дараа засмал зам тасарч бид шороон замаар зугуухан гэлдэрлээ. Дэргэдүүр цагаан, шар гэрэл анивчуулсаар машинууд зөрөх нь нүд ядрааж байлаа. Гэсэн ч шороон зам дээр унтана гэдэг авьяас шаардсан ажил тул дэмий л нүдээ нухлав. Удалгүй цагаан тоос орчныг бүхэлд нь хучиж, зөрж байгаа машинуудын дугаар, гадаахыг харах боломжгүй боллоо. Би жолоочоос “Та замаа харж байна уу” гэтэл, “Одоо ч сурч дээ. Хэчнээн тоостой ч, хот орох хамгийн дөт зам л энэ шүү дээ. Дарханы зам ашиглалтад ортол энэ замаар л явах байх даа. Уг нь муу ч гэсэн засмал замыг хуулахгүй байх байсан юм. Тэгсэн бол иргэд машин тэрэг, амь насаараа хохирохгүй шүү дээ. Адаглаад хүссэн нь зам гаргачихсан болохоор шороон зам дээр жолооч бид чинь төөрч, будлина. Одоо салаа замын уулзвар бүхэн дээр шон зоочихсон байгаа тулдаа л төөрч, будлихгүй байна” гэв.
Хорь гаруй минутын дараа цагаан тоос ч багасаж, цонхоор бага сага зүйл харагдаж эхлэв. Би ч зам ширтэж байтал, жолооч ахын ярьсан шон мөн бололтой, Т хэлбэртэй зүйл олж харлаа. Тэсэлгүй жолоочоос энэ шонг хаанаас, хэзээ барьсныг нь асууж орхив. Тэрээр “Үүнийг улсаас хийгээгүй ээ. Эрдэнэтийн нэг залуу саяхан хийсэн юм. Олон хүнд буян болж байна даа” гэлээ.
Бид замдаа энэ мэт олон зүйлс ярилцаж яваад замын уулзвар дээр шон байршуулж буй өнөөх залуутай таарлаа.
Түүнийг Д.Батбилэг гэдэг аж. Дархан хотод төрж, Эрдэнэт хотод өссөн байна. Тэрбээр Дулааны цахилгаан станцын механик инженер мэргэжилтэй бөгөөд өдгөө барилгын худалдаа эрхэлдэг хувийн компанийн захирал аж. Хөдөө хээр, замд таарсан ч түүнтэй цөөн хором ярилцсан юм.
-Таны байршуулсан шонгууд жолооч нарт их тус болдог юм байна. Чухам яагаад ийм зүйл санаачилж, хийх болов?
-Би 2016 онд гурван жилийн томилолт авч, Улаанбаатарт ажиллахаар явсан юм. Харин гэр бүл маань Эрдэнэтэд үлдсэн тул амралтын өдрүүдэд Эрдэнэт рүү явдаг байсан. Гал тэргээр явахыг нэг их таашаадаггүй байсан болохоор хувийн тэргээрээ л явдаг байлаа. Зам гайгүй байх үед Дарханаар явчихдаг байсан. Зам муудсан цагаас хойш Шар хөтлөөр явдаг болсон. Яахав өдрийн цагаар баримжаалаад явдаг ч шөнө төөрчих гээд их хэцүү. Нэг удаа бараг л төөрсөн шүү. “Би зөв явж байна уу, энэ Эрдэнэт орох зам мөн үү” гэж зөрж байгаа машин бүр л асуудаг. Хот хооронд явах бүрдээ төөрчихсөн нэгээс, хоёр хүнтэй таардаг. Шөнө ханиндаа, араасаа дагуулаад л явна даа. Тэгээд би олон хүн ажлаа алдаж, эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирч мэдэх юм байна гэдгийг харсан. Тэгээд өнгөрсөн жил цацруулагч бүхий шон байршуулна аа нутгийнхандаа амлачихсан юм. Гэсэн ч яг ажил болгоод шон байршуулж завдахгүй л байлаа. Одоо нэгэнт Дархан, Эрдэнэтийн зам ашиглалтад орохгүй ахиад жил болох нь. Тиймээс амласан амлалтаа биелүүлж, шон байршууллаа.
-Хэзээ, хэчнээн ширхгийг байршуулсан бэ?
-Мод, цацруулагч, шүрүүп гээд шаардлагатай зүйлсээ цуглуулсан. Тэгээд байршуулахад бэлэн болгож, янзалчихаад орой Улаанбаатар руу хөдөлсөн. Ер нь гурван цаг гаруй янзалсан. Нэлээд орой гарсан ч эхнийхээ шонг гэгээ тасрахаас өмнө байршуулж, амжсан шүү. Удалгүй бороо ч орсон. Гэхдээ бороо орж байна гээд бэлдэж гарч ирсэн зүйлээ орхилтой нь биш. Борооноор үлдсэн 15 шонгоо зоосон доо.
-Одоо нэмэлтээр хэдийг байршуулж байгаа юм бэ?
-Би өнгөрсөн оны аравдугаар сарын 8-нд Улаанбаатар орсон. Улаанбаатарын түгжрэл дунд хагас өдөр болж, шон хийх материалуудаа худалдаж авсан, тэр үед. Улаанбаатараас зургаан шон нэмж байршуулах гээд хийгээд гарсан. Нэмж байршуулахыг хажуугаар өмнө нь байршуулсан шонгоо бүртгээд, засахыг нь заслаа.
-Модон шон болохоор хүмүүс түлэх гээд аваад явчихдаг талтай. Байршуулсан шон тань бүрэн байна уу?
-Бүрэн байна шүү. Яахав, мал шөргөөж жаахан хөдөлгөсөн л байна. Уг нь би хүн сугалаад аваад явчих вий, мал шөргөөх вий гээд доогуур нь хөндлөн мод хадчихсан юм.
-Хот хооронд явах бүрдээ шон нэмж байршуулаад байх хэрэг үү?
-Болж л өгвөл нэмнэ. Гэхдээ одоо газар хөлдөж байгаа болохоор байршуулахад хүндрэлтэй. Яахав цаашдаа дулааны улиралд улам сайжруулж, төмөр шон хийе гэж бодож байгаа.
Энэ Шар хөтлийн зам ухагдчихсан болохоор бороотой цастай үед зорчиход их хэцүү. Чадалтай сан бол том тэрэг явч ирээд ховилтой замыг тэгшилчихмээр байна.
-Таны хийж, байршуулсан шон хүмүүст зүг, чигийн баримжаа болж байна. Ер нь хийсэн, бүтээсэн зүйлээ хараад юу бодогдож байна вэ?
-Зарим хүмүүс гудманд таарчхад баярлалаа гэж байна. Зарим нь талархлын зурвас явуулж байна. Ер нь сайхан л байна. Сэтгэл өег.
-Та үүнээс өөр нийгэмд тустай ажлууд хийж байв уу?
-Би 2016 оноос хойш бусдын төлөө буян хийж яваа. Эрдэнэт хотод 300-гаад метр явган хүний зам тавьсан. Хоёр цэцэрлэгийн гал тогооны агааржуулагчийг сольж өгсөн. Таван цэцэрлэг, хоёр сургуулийн бүх цахилгаан хэрэгслүүдийг бүгдийг нь шинэчилсэн. Мөн Эрдэнэтийн замын цагдаагийн хамт олонд 18 сая төгрөгөөр тусгай тоноглосон цагдаагийн машин авч өгсөн.
-Энэ бүхнийг улсын хөрөнгөөр биш, өөрийнхөө хөрөнгөөр хийсэн гэж үү?
-Өөрийнхөө хөрөнгөөр хийсэн. Үндсэндээ бол 2016 оноос хойш өөрийн зүгээс 60-иад сая төгрөг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулсан.Тэртэй тэргүй мөнгө төгрөгийг аваад авсанд орохгүйгээс хойш тодорхой хэмжээгээр нийгмийн сайн сайхны төлөө зарцуулъя л гэсэн юм. Үр хүүхэд, өвгөд, төр засагтаа үлгэр болсон хүн байя л гэсэн юм.
-Ард нийтийн төлөө өчнөөн л зүйл хийж. Таныг ер нь Эрдэнэтийнхэн андахгүй биз…
-Мэдэх хүмүүс нь мэддэг л байх.
Намайг зүгээр суудаггүй хүн гэдэг юм билээ. Ер нь нуулгүй хэлэхэд долдугаар ангид байхдаа зуныхаа амралтаар хоёр ахтайгаа Эрдэнэт хотын гудамжийг шүүрддэг байсан. Хүүхэд л болсон хойно ичдэг байсан юм шиг байгаа юм. Өглөөний таван цагт босож шүүрдчихээд хүний хөл хөдөлгөөнөөс өмнө дуусгачихдаг байсан л даа. Гэхдээ бид гурав цалингаараа хичээлийн хэрэгсэл, хувцсаа авдаг байсан юм. Хэдий аав ээж маань сэхээтэн хүмүүс байсан ч бидэнд хөдөлмөрийн үнэ цэнийг багаас нь ойлгуулж, ухааруулсан. Түүний ачаар би өнөөдөр нутгийнхаа сайн сайхан нийгмийн төлөө олон сайхан ажлууд хийсэн. Цаашдаа хийх ч болно.
Бид ийн ярилцсаны дараа нарны эртэд хөдлөхөөр машиндаа суулаа. Хотод ирээд хоёр хоногийн дараа түүнтэй холбогдсон юм. Тэрбээр нутагтаа очоод явган хүний гарц дээрх нүхийг битүүлж, 120 гаруй мод тарьжээ. Түүний хөдөлмөрч уг чанарыг үр хүүхэд нь мөн үлгэрлэжээ. Учир нь түүний том хүү Улаанбаатар хотоос ирж, мод суулгалцсан байна.
Бид ийм л “Зүгээр сууж болдоггүй хүнтэй” та бүхнийг уулзууллаа. Бусдын төлөө юм хийе гэвэл хийж болдгийн бодит жишээ бол Д.Батбилэг. Энэ мэт амьдарч буй хот, аймгийнхаа залуусыг зөв зүйлд уриалсан хүн байя.
Мэдээнд сэтгэгдэл үлдээх